Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын 20 улсын /ахлах/ байцаагчид нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт хийлээ. Тус хугацаанд нийт 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна. Мөн дээрх цэгүүдийн талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлж хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэгт худалдаалагдаж буй ангилсан нөөцийн үхэр, хонины махнаас 2 дээж авч, НМЭГ-т хүргүүлсэн.
Мөн Сүхбаатар дүүрэг 5 хороо Саруул худалдааны төвийн гадна талбайд Нарантуул захын гарал үүслийн бичигтэй махтай машиныг буцаасан байна.