Нэгдсэн төсвийн нийт зарлагад урсгал зардлын эзлэх хувь 79.8-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.0 пунктээр өссөн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 8,6 их наяд буюу 79.8 хувь нь урсгал зардал байна. Үүнээс 42.4 хувийг бараа, ажил үйлчилгээний зардал, 44.9 хувийг урсгал шилжүүлэг, 9.3 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 3.5 хувийг татаас эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн урсгал зардал 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үүнд:
- Бараа, ажил үйлчилгээний зардал 610.9 тэрбум,
- Зээлийн үйлчилгээний төлбөр 36.0 тэрбум,
- Татаас 87.3 тэрбум,
- Урсгал шилжүүлэг 1,361.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар 32 төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрхийг баталсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын гүйцэтгэлээр улсын төсвийн нийт зарлагын төсөв 1,5 их наяд төгрөгөөр дутуу зарцуулагджээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлагын 25.9 хувийг Сангийн сайдын багц, 22.2 хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц, 15.3 хувийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц, 8.0 хувийг Эрүүл мэндийн сайдын багц, 5.9 хувийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, 3.7 хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багц, 3.5 хувийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц, 2.5 хувийг Батлан хамгаалахын сайдын багц, үлдэх 12.9 хувийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын төсвийн зардал эзэлж байна.
Н.БАТАА