Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлд УИХ-ын тамгын газрын хяналт шалгалт, үнэлгээний газрын төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ танилцууллаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 7,5 их наяд төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 451.6 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,2 их наяд төгрөг буюу 14.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
- Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 5.6 хувиар дутуу биелж, 94.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 451.6 тэрбум төгрөгөөр дутуутөвлөрөхөд татварын орлого 4.6 хувь буюу 332.0 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 14.7 хувь буюу 119.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэн нь нөлөөлжээ.
- Тайлант хугацаанд нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар болон тусгай зориулалтын орлогоос бусад төрлийн татварын орлого 3.0-23.6 хувиар төлөвлөсөн дүнгээс дутуу гүйцэтгэлтэй гарчээ.
- Татварын бус орлогын төлөвлөгөө 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 85.3 хувийн биелэлттэй гарч, 119.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь хүүгийн орлого, торгуулийн орлого болон навигацийн орлогоос бусад татварын бус орлого дутуу төвлөрсөнтэй холбоотой байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 2,2 их наяд төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 83.1 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
- Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 16.9 хувиар дутуу зарцуулагдсан ч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.3 хувиар буюу 2,516.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.
- Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 53.3 хувийн гүйцэтгэлтэй гарч 709.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ.
- Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 36.0 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар нэмэгдсэн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 35.8 тэрбум төгрөгөөр буюу 4.3 хувийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.