Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд түлш тараах ажил 6 дүүрэгт үргэлжилж байна. Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ, нүүрс шаардлагатай өрх цөөнгүй байгаа бөгөөд өнөөдөр 6 дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тараах юм. Нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг сайжруулсан түлшийг олгоно.
Өмнөх өдрүүдэд Хан-Уул, СХД, Чингэлтэй дүүргийн 1211 өрхөд түлш тараасан. Тус ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь хяналт тавьж ажиллаж байна.
Сайжруулсан түлшийг Таван толгой түлш ХХК-ны 10 агуулахаас халдвар хамгааллын дэглэм баримтлан тарааж байгаа юм.
Иргэн Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж ХЭРСҮҮ ГУРВАЛЖИН хөдөлгөөнд нэгдээрэй.