Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласан. Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт хуурамч хаяг нээж, хөдөө орон нутгаас хотод ирээд зам хаасны улмаас нутаг буцах боломжгүй болоод байгаа иргэдийг залилж байсан иргэн Б болон У нарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ хоёр этгээд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зарыг “Цахим ажил” нэртэй хуурамч хаягтаа байршуулж, албан ёсны буяны компанийн үйлддэг нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэн иргэдийг залилж, 205 мянган төгрөг авдаг байсан гэх мэдүүлгийг урьдчилсан байдлаар өгсөн байна. Иргэн Б нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст залилангийн гэмт хэргээр ялагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин ийм гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна.
Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд цахим хэрэглээ ихсэж буй тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба олон нийтийн сүлжээнд цахим гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг нягтлан шалгаж байна.
Цагдаагийн ерөнхий газар