Афганистан улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчин цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ удаагийн цэргийн багийн хамтарсан бэлтгэлийг хангах, уулын явган цэргийн сургалт зохион байгуулах зорилгоор ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 80 цэргийн алба хаагч өнгөрсөн есдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод ирж УОК-оос гаргасан тусгаарлалтын журмын дагуу “Кемпински” зочид буудалд 21 хоног тусгаарлагджээ. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа коронавирусын шинжилгээнд хамрагдсан аж.
Тусгаарлалтын хугацаа дуусч хамтарсан сургалт дадлагыг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд, уулын явган цэргийн сургалтыг Тэрэлжид аравдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 1-нд зохион байгуулсан байна.
Ийнхүү хамтарсан бэлтгэлээ хийж дууссан ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэ сарын 6-нд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан ч Германаас ирэх нислэгийн багийн нэг гишүүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарч, нислэг нь цуцлагдсан байна. Улмаар нислэгийн хуваарийг дахин төлөвлөж энэ сарын 19-нд ХБНГУ-ын цэргийн алба хаагчид нутаг буцжээ.