Олон улсын Иргэний нисэхийг байгууллагын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал энэ сарын 16-20-нд цахимаар боллоо.
Хурлаар 31 улсын 138 төлөөлөгч найман чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, хэлэлцүүлэг зэрэг 54 асуудал хэлэлцжээ.
Монгол Улсын төлөөлөгчид Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага (ROBEX Handbook)-ын шинэчлэлд Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын тухай мэдээлэл оруулах саналаа хүргэж хэлэлцүүллээ.
Хурлын үеэр цаг уурын мэдээлэл солилцооны загвар IWXXM -ыг Чикагогийн конвенцийн Хавсралт 3-т орж буй 79 дэх нэмэлт, өөрчлөлтийн дагуу үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөсөн.
Хуралд Нислэгийн цаг уурын төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Төсөл, хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай оролцов.