Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра вилла, Женерал таун хотхоны цэвэр усны нэг гүний худгийг лайдаж цэвэрлүүлэн, гурван усан сан, шугам хоолойг угааж халдваргүйжүүлэлт хийлгүүлж байгаа юм байна.
Тус хотхоны оршин суугчид энэ сарын эхээр Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол хүргүүлсэн байна. Гомдлын дагуу дээж авч, лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол стандартад заасан дээд хэмжээнээс их, болзолт эмгэг төрөгч нян Протей илэрсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ.
МХЕГ-аас гүний худгийн усыг унд, ахуйд хэрэглэхгүй байхыг оршин суугчдад зөвлөж, “Баатар дулаан хан” ОСНААК-д гүний худаг, ус нөөцлөх сав болон цэвэр усны шугам сүлжээг шавхалт хийн цэвэрлэж, угааж халдваргүйжүүлэх талаар албан даалгавар өгсөн байна. Гэвч коронавируст халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас энэ ажил удааширчээ.
Тиймээс оршин суугчдыг өдөрт хоёр удаа ундны цэвэр усаар хангах ажлыг УСУГ–тай хамтран зохион байгуулж, худгийг лайдах, халдваргүйжүүлэх, усан санг угааж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа ундны уснаас дахин дээж авч шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан тохиолдолд оршин суугчдыг усаар хангах юм байна.