Transparency International олон улсын байгууллагын “Anti-Corruption Award 2020” буюу Авлигын эсрэг оны шилдэг шагналд нэр дэвшсэн дөрвөн хүний нэгд Монголын сэтгүүлч нэрлэгджээ.
Тодруулбал, iKon.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Ч.Болортуяаг уг шагналд нэр дэвшүүлсэн байна. Ингэхдээ дэлхий даяар 228 хүн болон институтийн санал болгосон 400 нэр дэвшигчээс ийнхүү дөрвөн хүнийг шигшжээ.
Ч.Болортуяаг сэтгүүл зүйн кампанит ажлаараа дамжуулан өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Засгийн газрын авлигын хэргийг илчилж олон нийтийн дунд асар том хариу үйлдлийг өдөөж, улс төрийн хамгийн өндөр албан тушаалыг хашдаг хүмүүс бол халдашгүй биш гэдгийг харуулсан болохыг Transparency International онцлон тэмдэглэсэн байна.
iKon.mn сайтын хамт олны хөндсөн төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийг өөрийн болон ашиг сонирхлын зөрчилтэй компаниуддаа хэрхэн дэмжлэг болгон авдгийг илчилсэн дата сурвалжилга нь 2018 оны сүүлээр цацагдаж 2019 онд энэ талаарх хэргүүдийн шалгалт үргэлжилж, 2020 онд УИХ-ын гишүүд эхнээсээ ял авч эхлээд буй.
Мөн тус сурвалжилгын дүнд Засгийн газрын хоёр гишүүн, нэг дэд сайд, Улсын Ерөнхий Прокурорын газар, Үндэсний Аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг хэд хэдэн төрийн байгууллагын удирдлагууд огцорсон билээ.
“Anti-Corruption Award 2020” шагналд мөн:
Португалийн Элчин сайд, Европын парламентын гишүүн асан Ана Гомез,
Казахстаны үндэсний консерваторийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд проректор Ботакөз Копбаеба,
Афганистаны сэтгүүлч Заки Даряаби нарын дөрвөн хүнийг нэр дэвшүүлжээ.
“Авлигын эсрэг 2020 оны шагналд нэр дэвшсэн дөрвөн хүн бүгд авлигыг илрүүлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр уйгагүй ажилласан. Ийнхүү ажиллах нь маш ноцтой эрсдэл, аюултай болохыг тэдний түүхүүд харуулсан” хэмээн Авлигын эсрэг шагналын хорооны дарга Самуэль Кимеу хэлсэн байна.
Шагналын эзнийг арванхоёрдугаар сарын 2-нд буюу Авлигын эсрэг олон улсын 19 дэх чуулганаар тодруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Ikon.mn