Эрүүл мэндийн байгууллагууд “ковид-19” коронавирусийн сорьц авах, тээвэрлэж эхэлж байгаатай холбоотой анхаарах зарим туршлагаасаа та нартаа хуваалцъя.
Хувийн бэлтгэлд анхаарах зүйлс
1. Эмнэлгийн ажилтан бүр ажил дээрээ ажлын хувцсаа өмсөж гэрээсээ өмсөж ирсэн хувцсаа сольж байх нь халдварын сэргийлэлтийн хувьд хамгийн зөв шийдэл юм. Учир нь та орой ажлаа тараад гэртээ хайртай хүмүүс дээ очих тул бохирдолгүй хувцсаа сольж явах нь сэтгэлд ч сэвгүй. Хоёрдугаарт өөрийн хувцастай ажил дээрээ өнжихөд бохирдсон тэр хувцсаа гэртээ л угаах хэрэгтэй болно энэ бас л эрсдэл тэхээр ажлын хувцсаа өмсөөд ажлын газрынхаа угаалгад өгцгөөж хэвших байгууллага ч үүнийг заавал зохицуулж өгөх нь чухал.
2. Эмнэлгийн хувцас ихэвчлэн ханцуйгүй байдаг болж өгвөл ханцуйтайг сонгох, олдохгүй бол зураг дээрх шиг свитерийг дотуур өмсөх нь гар угаах нөхцөл хомс, ажил дээрээ усанд орох бололцоогүй манай нөхцөлд тохиромжтой байдаг шүү.
3. Бидний ажлын салшгүй хэсэг бол яах аргагүй гар утас байдаг өөрөө өвч хамгаалчихсан утас байдгаараа байвал бид халдвар авах бүрэн боломжтой тул утсаа ч мөн хамгаалах нь зөв. Үүнд олон арга байдаг шүү. Зураг дээрх шиг пластик халдваргүйжүүлж болдог кэйс байж болно. Мөн зийптэй түгжигддэг хүнсний уутыг ашиглаж болно. Хүнсний скоч, нүүрний хаалтын хамгаалалт гялгар уутыг шууд хуулаад утсаа ороож болно. Эдгээр бүгдэд утасны мэдрэгч ажиллаж байсан.
4. Халдваргүйжүүлэх боломжтой пластик эд хэрэглэлүүдийг хэрэглэх. Хамгаалах хувцсанд халаас байхгүй тул зайлшгүй хэрэгцээтэй эд зүйлсээ жижиг пластик цүнхэнд авч явдаг үүнд: запас маск, бээлий, гар халдваргүйжүүлэгч бал, цаас гэх мэт.
5. Халдвартай газар тэмдэглэл хийсэн бол утсаараа зургийг аваад цаасаа халдвартай хог хаягдалтайгаа хамт хаяна. Яагаад гэвэл цаасыг халдваргүйжүүлж дахин ашиглах нь эрсдэлтэй
6. Kовидтой холбоотой өөрт холбогдох бүх тушаал , удирдамж, гарын авлага баримт бичгүүдийг уншиж судлах , шинэ мэдээллээр өөрийгөө болон хамт олноо хангаж байх.
Сорьц авах, тээвэрлэхэд анхаарах зүйлс
-Хамгаалах хувцас хэрэглэлээ бүрэн зөв өмсөж, зөв тайлах энэ хамгийн чухал
-Сорьц авахуулж буй хүнийхээ амны хаалтыг хамар ил гаргаж, амыг далдалсан байдлаар зүүлгэнэ. (Гарын авлага , видео гарсан байгаа)
-Сорьц авч буй эмнэлгийн мэргэжилтэн халз өөдөөс нь бус хажуу талд ташуурдаж зогсож сорьцоо авбал өөрт эрсдэл бага байна
-Сорьц цуглуулах ажилбарын гол зорилго нь чанартай сорьц авах байдаг. Тэхээр сорьц авахын өмнө тухайн хүний хамрын хөндийг сайтар хуурай цэвэрлүүлнэ. Хэрвээ нустай байвал энэ чанаргүй сорьц авагддаг ба оношлогооний үр дүн буруу гарах, олон хүний хүч хөдөлмөр талаар болох, төсвийн зардал давхар зарлагадах гэх мэт маш олон уршигтай тул нэгэнт авч байгаа сорьцыг хамгийн сайнаар авах нь чухал юм.
-Хүн тус бүрд бээлийг солих бөгөөд давхар бээлий өмсөх нь нэлээн төвөгтэй байдаг. Бид ажиллаж байх явцдаа үүнийг хялбаршуулах 1 арга олсон нь 3 давхар бээлий өмсөх юм. Эхний бээлийг өмсөөд 2дохыг дотор кальктай хэсгийг эргүүлж өмсөнө ингэснээр 3 дахь бээлийг өмсөж тайлахад төвөг бараг 70% буурдаг.
-Нэг хүний Сорьцын дугаар болон дагалдах хуудасны дугаарууд яг ижил байх бөгөөд зарим ачаалалтай үед зөрүүлэх тал байдаг үүн дээр анхаарах хэрэгтэй.
-Халдварын 3 бүсийг ажиллаж буй орчиндоо урсгалыг зөв тооцоолон зохион байгуулалтаа хийх. Хувцас тайлах хэсгийг сайн төлөвлөж гар угаах нөхцөлийг бүрдүүлбэл илүү сайн. Олон зэрэг тайлахгүй нэг нэгээрээ, яаралгүй зөв тайлах нь өөрийн болон хамт олон гэр бүлийн өмнө хүлээсэн том хариуцлага гэж бодож өдөр бүр хянамгай тайлах
-Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол зөв хийх
-Халдвар хамгаалал гэдэг зүйлийг үйлдэл бүрдээ санаж, анхаарал болгоомжтой ажиллах, бүхий л үйл явц багийн ажил байдаг тул өөртөө хяналттай байхаас гадна хамтрагч нар бие биедээ давхар хяналт тавьж ажиллах нь илүү үр дүнтэй байдаг шүү.
-Энэхүү зөвлөгөө минь өөрийн болон хамт олны минь Ковид-19 халдварын үед ажилласан 11 сарын хугацаанд хуримтлуулсан багахан туршлагаасаа хуваалцаж байгаа тул хэрэгтэй зүйлийг аваад хэрэггүйг нь хаяад яваарай. Жижиг гэлтгүй ойлгомжгүй зүйлс бидний ажилд маш их төвөг болдог болохоор санаа аваарай гэж бодож гар утаснаасаа бичив.
ХӨСҮТ-ийн ШХАХ-ний 1-р отрядын ахлагч тархвар судлаач Т.Оюун-Эрдэнэ