“Талх Чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Милл Хаус” гэх мэт хүнс үйлдвэрлэгч ХХК-нийн удирдлагууд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй тул худалдан авагчид сандрахгүй, тайван байж болно гэжээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар хүнс үйлдвэрлэгч дээрх компанийн үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцах үеэр ийнхүү мэдээлсэн байна.
Коронавирусний халдвар дотооддоо алдаж, хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт өсөж, үүнийг дагаад түгээлтийн ачаалал нэмэгдэж буйг хүнс үйлдвэрлэгчид хэлжээ.
Дээрх компаниудын хувьд ажилчдын аюулгүй байдалд анхаарч эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг баримталж байна.
Бүтээгдэхүүний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч ажилтан алба хаагчдын тоог олшруулж, уртасгасан цагаар ажиллан, нийслэл болон орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байгааг хүнсний үйлдвэрийн удирдлагууд онцлов.