ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ шөнийн буюу 22:00-06:00 цагийн хооронд түгээж, тээвэрлэнэ

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар нэмэгдээд байгаа тул хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгаж эхлээд байна. Хотын дарга өнөөдөр захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ.
Мөн нийтийн тээврийн автобусууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчилж, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо.
Л.Баяр