“Алтайн халиун буга” ТББ нь Монгол орны халиун бугын үндсэн тархцаас алслагдмал Хантайшир, Хасагт хайрхан, Хар азаргын нурууг багтаасан Алтайн халиун бугын голомтын популяцыг хамгаалж, цус сэлбэхээр 2017, 2018, 2020 онд 40 гаруй илийг Хустайн нуруунаас Хантайширын нуруунд сэлгүүлэн нутагшуулжээ.
Одоогоор 21 илийн буга маллагчийнхаа хараа хяналтад хашаанд байна. Бусдыг нь байгальд тавьсан нь том буга, согоонууд болжээ.
Тэд жил бүр урь орох цагт буганууддаа өвс тэжээл бэлдэж өгдөг аж. Доорх бугын нэрийг Коко гэдэг. 2017 онд анхны тээвэрлэлтээр хүргэж байсан илий юм.
“Хустайн Байгалийн Цогцолборт газар” олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар мэдээ цуглуулж, хамгаалахаар ажилладаг. БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Хустайн БЦГ жил бүр Эрдэнэт, Говь-Алтай, Төв аймгийн зарим газарт халиун буга шилжүүлэн, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн хүмүүстэй хамтран сүүлийн 10 гаруй жил хийж байна.
Халиун буга амьтны аймгийн ангиллын хувьд хөхтний анги, туруутны баг, бугынхны овогт багтах бөгөөд Монгол орны халиун буга энэ бүс нутагтаа “устаж байгаа” гэх ангилалд орсон.
Тухайлбал 1980-аад оны дундуур Монголд багадаа 130 гаруй мянган толгойд хүрч байсан халиун буга 2010 он гэхэд зургаан мянган толгой болтлоо буюу 90 орчим хувиар буурчээ.
Ясан эврийг хууль бусаар хил гаргасааар байгаа нь тоо толгойд нөлөөлсөн хэвээр. Гэвч улсын хэмжээнд уг амьтны тоо толгой, хамгааллын нарийн судалгаа, мэдээ хомс юм.