Цахим орчинд мөрийтэй тоглох зөрчил нэлээн нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цахим мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 13 цахим хаяг, 30 иргэнийг олж тогтоосон байна. Эдгээрээс найман иргэнд сануулга өгч, зургаан иргэнийг зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгосон байна. 1995 онд төрсөн Тулга, 1997 онд төрсөн Цэнд-Аюуш, Гантулга, Баянмөнх, Очиргэрэл, Болдхуяг гэгч этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож байна.
Цахим тоглоом тоглож байгаа, зохион байгуулж байгаа асуудалд цагдаагийн байгууллага бүхэлд нь хяналт тавьж, ажиллаж байгаа юм байна.
Эрүүгийн хуульд:
20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуульд:
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом тоглох
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол эргүүгийн хуулиар, мөрийтэй тоглоом тоглоссон бол зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулдаг байна.
“Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулаад үүнд иргэд оролцон тоглосон бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа иргэдийг олж тогтоох, тухайн дансаар нь мөнгө шилжүүлж, мөрийтэй тоглоомд оролцсон хүмүүсийг бүгдийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.
Тиймээс иргэд цахим мөрийтэй тоглоомд оролцохгүй байх, хэрвээ мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа бол энэ үйлдлээсээ нэн яаралтай татгалзахыг анхааруулж байна” гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү 17 цагийн Эрүүл мэндийн яамны шуурхай штабын мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Н.БАТАА