Манай улсын газрын тосны олборлолт, экспорт, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Автобензин 30 хоногийн нөөцтэй, дизель түлшний нөөц бага байгаа ч ОХУ-аас ачуулжээ. Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮЯ газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, газрын тос экспортлогчидтой цахим хурал хийж, хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцав.
Улирлын шилжилттэй холбоотой энэ сард түлш татаж авах нь нэмэгдсэнээр төмөр замаар орж ирэх, гарах вагоны бөөгнөрөл үүсч, төлбөр нэмэгдэх, түлшний хомсдол үүсэх нөхцөл бүрдсэнийг тусгайлан анхаарахыг хүсэв.
Цагаан нуур боомтоор шатахуун импортолж буй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд жолоочид хийсэн шинжилгээний хариу эерэг гарч, автомашиныг буцаавал Оросын талд их хэмжээний төлбөр, хураамж, торгууль төлнө.
Иймд тэвшин дэх бүтээгдэхүүнийг буулгах, гаалийн баталгаат талбайд автоцистерны толгойг сольж тээвэрлэх, зөөврийн шатахууны сав байрлуулж, бүтээгдэхүүнээ хүлээн авах боломж бүрдүүлэх шаардлагатайг уламжлав. Цахим хурлын үеэр аж ахуйн нэгжүүдээс гаргасан эдгээр саналыг УОК-т уламжилжлах юм.