ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Согтууруулах ундаа худалдан борлуулсан 60 орчим пэйж хуудаст шалгалт хийж байна. Мөн иргэд машиндаа согтууруулах ундаа борлуулж байсан зөрчил илэрсэн” тухай мэдэгдэж, уг үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг сануулсан юм. Тэрбээр “Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасны дагуу арга хэмжээ авна” гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.13-д Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Н.БАТАА