Коксжих нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа ордог Овоотын ордны “Aspire mining” компани “Эрдэнэт-Овоот” чиглэлийн 549 км төмөр зам тавих ажлыг санхүүжүүлэх урьдчилсан гэрээг БНХАУ-ын “China Gezhouba Group Co Ltd” компанитай байгуулжээ.
Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж, энэ хугацаанд концесс эзэмшигч нь 100 хувь эзэмшиж ашиглана. Харин гэрээний хугацаа дуусгавар болох үед төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр заажээ.
Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон бөгөөд эзэмшигч нь өөрийн хөрөнгө болон боломжит орлогоороо энэ хөрөнгөөр таван жилийн дотор 549 км төмөр замын ажлыг барьж байгуулах юм байна.
Бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоор гурван жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэж “Northern Railways” болон түүний толгой компани “Аспайр майнинг” үзэж байгаа аж.
Анх Австрали улсад төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2010-2011 онд манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Тус компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд олборлолтын нэг, хайгуулын гурван тусгай зөвшөөрлийг хамарсан 430 хавтгай дөрвөлжин талбайд нүүрсний хайгуул хийснийг бүхэлд нь “Овоот” төсөл хэмээн нэрийддэг.
Төмөр зам ашиглалтанд орвол энэ ордоос жилд 5-12 сая тонн нүүрс олборлож хойд болон урд хөршид нийлүүлэхийн зэрэгцээ, Баруун Европ, Хойд Азийн орнуудад төмөр замаар хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.