Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоогоод байна. Өчигдөр орой УОК-ын дотооддоо халдвар авсан хүний тоо зургаа болоод байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдээд байна.
Мөн цагдаагийн байгууллагаас халдвар илрээд байгаа иргэдийн зарим нь маршрутаа буруу мэдүүлсэн, камер шүүж маршрут тогтоосон нөхцөл байдал үүссэн тухай хэлж, иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулсаар байна.
Албаныхан сануулсаар байтал зорилгогүйгээр гадуур явж байгаа иргэд мэр сэр байгаа учраас өчигдөр оройн 23 цагаас эхлэн хязгаарлалтыг чангатгалаа.
Өнөөдрийн нөхцөл байдалд Монголчууд Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг мөрдөх учиртай. Хэрвээ эдгээр хуулийг мөрдөхгүй бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авах хууль эрх зүйн үндэслэлтэй юм.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Тодруулбал, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн иргэн 500 мянган төгрөгөөр, эсвэл 30 хоног баривчлуулах, хуулийн этгээд таван сая төгрөгөөр торгуулах нь ээ.
Эргэн сануулахад Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гарчихсан байгаа.
Тэгэхээр энэ өдрүүдэд Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байна. Эрсдэлтэй нөхцөл байдалд иргэд холбогдох хуулиудаа судалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ, шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалах нь чухал байна.
Н.ЦЭНДБАТ