Энэ онцгой үед та бүхэн доорх кинонуудыг хүүхдүүдийнхээ хамтаар үзэж ярилцаарай. Хүүхэдтэйгээ хамт үзвэр үзэж байхдаа гар утсаа унтраахаа мартуузай.
1. “Inside out” Хүүхдэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэж, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж болохыг харуулсан үнэхээр хөөрхөн кино. Ялангуяа аав ээжүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа үзээд ийнхүү ярилцаарай. Бидний дотор байгаа аливаа сэтгэл хөдлөл нь угтаа сайн эсвэл муу биш бөгөөд бид түүнийг зөв удирдан зохицуулж сурах хэрэгтэйг жишээнүүд дээр тайлбарлаарай. (Уур хэрэгтэй, жишээ нь хүсэхгүй зүйлийг чинь хийлгэх гээд байх үед уур гарч ирж ҮГҮЙ, БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА гэж хэлэх хэрэгтэй гэх зэргээр ярилцаарай)
2. “Finding Nemo” Хүүхдүүдэд маань бидний тусламж, дэмжлэг хэрэгтэй ч хүрээлэн буй орчноо таньж мэдэж, хөгжиж, өөрийгөө сориход нь хязгаар тавих бус харин хүүхдэдээ итгэл үзүүлж, алдаж, онож, хөгжихөд нь дэмжих хэрэгтэй гэдгийг энэ хүүхэлдэйнээс олж харна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг шүү дээ, хүүхдэд алдаа гаргах, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгож байгаарай. (Бүгд л алдаа гаргадаг харин түүнээсээ суралцаж чадвал илүү сайныг бүтээж болдог байх нь ээ гэх зэргээр )
3. “Finding Dory” Эндээс бид (хүүхэд төдийгүй эцэг эх) бусдыг байгаагаар нь хүлээж авах ямар чухал вэ гэдгийг ухаарч, онцгой, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ч байгаагаар нь хүлээн авч, хайрлах хэрэгтэй гэдэгт суралцана. (Бид бүгд ялгаатай, бусдыг өөртөө нийцүүлэх гэж биш байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал илүү олон найзтай, илүү тайван байх нь…)
4. “The Good Dinosaur” Бяцхан хүүхдүүдийн зүрхэнд бодит хийгээд хийсвэр маш олон айдас байдаг. Тэрхүү айдсаа хэрхэн даван туулах нь тэдний ирээдүйн сэтгэл зүйн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэдтэйгээ хамтдаа үзээд айдсаа жижигрүүлж түүнийгээ ялан дийлж, даван туулах арга замуудаас ярилцаарай. (Аав, ээж нь ч бас өөрсдийн айдаг зүйл бол айсан үедээ хэрхэн тайвширдаг аргаасаа нээлттэй ярилцаарай. Миний гэр бүлийхэнд ч бас айдаг зүйл байдаг юм байна, би ганцаараа биш гэсэн мэдрэмж авснаар хүүхэд тань илүү нээлттэй болно оо)
5. “Brave” Хэн ч хэн нэгний хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд амьдралаа үрэх шаардлагагүй. Ялангуяа охид гүнжүүд бусдаас хамааралтай, хөөрхийлөлтэй, сул дорой байдлаар дийлэнх хүүхэлдэйнд дүрслэгддэг. Тэрхүү хэв маягийг эвдэж зоригтой, эрч хүчтэй, бие даасан гүнжийн цоо шинэ дүр Меридагаар дамжуулж охидтойгоо эр зоригтой, өөрийн бодолдоо тууштай байхын ач тусыг ярилцаарай. Тэд маань өөрсдийн мөрөөдлөө өөрсдөө зурж, өөрсдөө биелүүлэх бүрэн боломжтой шүү. (Хүүхдүүдтэйгээ ирээдүйн хүсэл мөрөөдлийнх нь тухай, зорилгодоо үнэнч байх л юм бол аав ээж нь ч бас дэмжиж чадна гэдгээ илэрхийлээрэй)
6.“Wreck it Ralph” Хүмүүсийн муу хэмээн тодорхойлсон бүхэн муу эсвэл сайн биш бөгөөд бусдад харагдах хэлбэрээс илүү бидний агуулга буюу мөн чанар илүү чухал гэдгийг харуулах кино. Муу хүн, сайн хүн гэж байдаггүй. Муу үйлдэл, зөв үйлдэл л гэж байдаг. Бусдыг өнгөц байдлаар дүгнэхээс илүүтэй дотоод ертөнцийг нь таних гээд үзээрэй. (Гэр бүлээрээ үзээд бусдыг гадна төрх, дуу хоолой, хүйс, нэг удаа хийсэн алдаагаар ялгаварлаэ дүгнэх нь маш буруу зүйл болохыг ярилцаарай). Хайртай үрстэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Эх сурвалж: Хөөрхөн Шар Шувуу сургалт, судалгааны төв