Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 37 зүйлд зааснаар хуулийн этгээд болон иргэн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
Хуулийн этгээдийн эрх, үүрэг
34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах.
34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
34.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
34.2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
34.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх;
34.2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах;
34.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах;
34.2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;
34.2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах;
34.2.8.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах;
34.2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.
34.2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах.
Иргэний эрх, үүрэг
37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;
37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;
37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;
37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;
37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.
37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;
37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;
37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.
Эх сурвалж: ОБЕГ