Өнөөдөр өглөөнөөс эхлэн УОК-ийн шийдвэрээр сургууль соёлын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг хааж, олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээг хориглож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг хуваарьт оруулаад байгаа билээ.
Нийслэл Улаанбаатарт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад, харилцааны сайд асан Д.Цогтбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн саналаа хуваалцсан байна.
Тэрбээр “Улсын онцгой комисст байсан хүний хувьд хэдэн санаа хэлмээр байна.
Үүнд:
1. Сандарч тэвдэхгүй байх,
2. УОК-ын заавар журмыг чандлан сахих. Үүн дотроо карантины дэглэмийг тайлбаргүй сахиснаар иргэн та
а. Хэрэв халдвар аваагүй бол эрүүл байх нөхцөлөө бүрдүүлнэ
б. хэрэв халдвар авчихсан байвал бусдыг халдварлахаас сэргийлнэ;
Харин халдвар нэгэнт авсан хүнийг бол манай эмнэлэг эдгээнэ (манайх эмч нар чадаж байгааг бид мэднэ)
3. Карантины тогтолцоондоо итгэх. Дотроо алдаж, хавьталтуудыг тогтоох боломжгүй болсон байлаа ч бид зайгаа барьж, УОК-оос зааж буй хугацаагаар тусгаарлалтаа сахивал нэгэнт халдварласан хүмүүсээс цаашхи халдварлалт зогсож, карантины хугацаанд халдвар тээгчидийн нууц хугацаа дуусч илэрснээр эмчилгээнд хамрагдаж эхэлнэ. Вуханийн маш хүнд байдлаас ингэж л гарсан. Тэд мэдээгүй байж байгаад гэнэтийн цохилтод орсон. Бид эрсдэлийг мэдэж, тооцоолж (нэг бодлын бүр хүлээж) байсан. Тэгэхээр илүү бэлтгэлтэй байгаа, алдсан ч бүр задгайруулан дэгдээлгүй хумиж чадахаар байгаа.
4. Энэ бол вирус. Түүний нэвтрэх “нүх сүв” бүрийг битүүлнэ гэдэг дэндүү амаргүй. Карантин бол ОЛОН АРВАН байгууллагыг хамарсан ОЛОН ЗУУН хүний ОЛОН МЯНГАН ЦАГИЙН уялдаа холбоотой ажиллагаанд тулгуурласан механизм юм. Ганц урьдчилан тооцоогүй нөхцөл ганц секунд, минутын хугацаанд бүрдэхэд л (гэтэл амьдрал нэн баян байдаг) халдварлалтад нөлөөлнө.
Ийм хүнд механизм өнөөдрийг хүртэл ажлаад, халдварыг урьдчилан сэргийлээд ирснийг мартаж болохгүй. Одоо ч зарим нэгэн хүн карантины системийнхнийг муулж, амны зугаагаа хийж байх зуур УОК халдварыг хязгаарлах үүргээ биелүүлсээр л байгаа.
Ийм гэнэтийн эрсдэл үүсэхгүй гэж найдаж байсан нэгэн байвал сэр! Карантин бол халдварын тохиолдлыг ОГТ ГАРГАХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА биш, харин боломжит хамгийн өндөр хэмжээндээ хамгаалаад харин хэрэв алдагдвал түүнийг аль болох богино хугацаанд тодорхойлон халдвартай хүмүүсийг нийгмээс тусгаарлан эмчилнэ л гэсэн систем юм.
Тэгэхээр үр дүнтэй ажиллаж буй хүмүүстээ хүндэтгэлтэй, хүнлэг итгэж хандаад цааш сандарч самгардалгүй ажиллах боломжийг олгох нь бидний ганц гарц. Харин хэн нэгнийг баалж, доромжилж, улс төрийн хорсол бах таваа хангаж, нянг дийлнэ гэвэл шууд эсрэг үр дагавартай.
Ямартай ч системдээ итгэж, өөрсдөө ариун цэврээ сахиж, гараа угааж, маскаа зүүж, зайгаа барьж, сайн унтан амарч, хүлээцтэй, эвтэй, зохион байгуулалттай байж баймажин л энэ эрсдлийн ард гарна.