Завхан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Аймаг, сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх,
2. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл Тосонцэнгэл, Их-Уул, Сонгино, Отгон, Завхан голын гүүр, Согоотын даваа, Улиастай суманд 3, нийт 9 цэгт хяналтын постууд ажиллуулах,
3. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 2020 оны 11 сарын 12, 13-ны өдрүүдэд түр хязгаарлах,
4. Олон нийтийн үйл ажиллагаануудыг түр хязгаарлах,
5. 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан 2 автобусанд зорчиж буй 43 иргэнд мэргэжлийн баг тусгай тандалт судалгаа, үзлэг оношилгоо хийж, 29 иргэнтэй автобусны иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгах, 14 хүнтэй автобусанд 21 хоногийн хязгаарлалтаас гарсан иргэн зорчиж буй тул тусгай байр бэлтгэж иргэдийг тусгаарлах,
6. Тосонцэнгэл, Их-Уул сум эрсдэл өндөртэй бүс нутаг тул Онцгой байдлын газрын дарга Ө.Болдоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнөөдөр тус сумдад ажиллаж нөхцөл байдлыг үнэлэн, үүсч болох эрсдэлүүдийг тодорхойлж, маргааш өглөө Тосонцэнгэл суманд хуралдах Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралд танилцуулах,
7. Команд штабын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах,
8. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөлт, эм хангамж, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг эрсдэлийн үед дэх бэлэн байдлын төлөвлөгөө, үүссэн нөхцөл байдлыг үнэлж аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулахыг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд даалгалаа.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэдийн судалгааг гарган эрсдэлийн түвшинг тодорхойлж, авах арга хэмжээний саналаа аймгийн Онцгой комисст танилцуулахыг Тагнуулын газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарт, Агаарын тээвэр, нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэдийн судалгааг гарган эрсдэлийн түвшинг тодорхойлж, авах арга хэмжээний саналуудыг боловсруулж аймгийн Онцгой комисст танилцуулахыг Авто тээврийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болголоо.
Завхан аймгийн хэмжээнд хүнс, бараа, шатахуун, эм хангамж, түлээ нүүрсний нөөцийг бүрдүүлэх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхаар зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга, албан байгууллагын дарга нарт тус тус даалгав. Аймгийн хэмжээний хүнс, бараа, шатахуун, эм хангамж, түлээ нүүрсний нөөцийн хэмжээг тогтоож, шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж аймгийн Онцгой комисст танилцуулахыг Санхүү, нөөц хангамжийн албанд даалгалаа.
Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хязгаарласантай холбоотойгоор албан байгууллагууд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг богиносгох, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоод байна.