Монгол Улсад олноороо орж ирэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаасан, цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын хоёр дахь бүлгийнхнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өмнөд хөршийн иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шилжүүлснийг дээрх шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар, улсын яллагч Х.Эркебулан, Ц.Гансүлд, шүүгдэгчдийн өмгөөлөгч, хэлмэрч нарын бүрэлдэхүүнтэй ийнхүү хэлэлцэж байгаа юм.
Дээрх хятадууд Тайланд, Камбож зэрэг улсад гэмт бүлэглэл үүсгэж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад орж ирсэн нутаг нэгт 800 гаруй хүний 186-г нь зохион байгуулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон аж. Тэд олон хандалттай “Алибаба”, “Табао” зэрэг хуудас, “Вичат”, “Телеграм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд цахим төхөөрөмж ашиглан хуурамч хаяг нээж, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилж байсныг, Зүүн өмнөд Азийн зарим орноос ийм замаар олсон мөнгөө Хонконгоор дамжуулан угаасныг ч Монгол Улсын тагнуул, цагдаагийн байгууллагынхан тогтоосон билээ.
Манай хууль сахиулагчид тэднийг илрүүлэх үеэрээ дээрх нэр бүхий зургаан хүнээс тавыг нь цагдан хорьж шалгасан юм. Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгчдийн биеийн байцаалттай танилцан, мэдүүлгийг сонсож, нотлох баримт шинжлэн судалсан бол, өчигдөр улсын яллагч, өмгөөлөгч нар яллах, цагаатгах үндэслэлүүдээ тайлбарласнаар 19.20 цагийн үед завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Г.РАВЖАА