НҮБ-ын Хүн амын сангаас Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдад нэг удаагийн хамгаалах хувцас, амны хаалт, нүдний хаалт болон гар халдваргүйжүүлэх уусмалын буцалтгүй тусламж үзүүллээ. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава МХЕГ-ын дарга Т.Гантулгатай уулзах үеэрээ энэхүү буцалтгүй тусламжаа гардуулан өгсөн байна.
Каори Ишикава “Мэргэжлийн хяналтын байгууллагыг цар тахалтай нүүр тулж, тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага гэдгийг хилийн боомтуудаар томилолтоор ажиллах үеэрээ маш сайн мэдэрсэн” гэдгээ уулзалтын үеэр онцолжээ.
Тиймээс өвлийн улиралд тохиромжтой хамгаалах хувцсаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага цар тахлын үед тэргүүн эгнээнд чухал үүрэг гүйцэтгэж ажилладаг талаар НҮБ-ын харьяа агентлагуудын нэгдсэн хуралдаанд танилцуулан хамтран ажиллахыг уриална гэжээ.
Харин МХЕГ-ын дарга мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хилийн боомтод хийгдэж байгаа эрүүл мэндийн хяналт шалгалтын талаар танилцуулсан байна.
Н.БАТАА