Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.
Тус эмнэлэг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, ЭМЯ, БШУСЯ-ны дэмжлэг, буцалтгүй хандив тусламжаар барьсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Цай Вэнь Руй, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон холбогдох албаныхан, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
УХТЭ хүрээгээ тэлж гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гар байна.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “УХТЭ маань 1931 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхдээ насанд хүрэгсэд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж ажиллаж ирсэн. Өнөөдөр гэхэд хүүхдийн тасгийн хэмжээнд байсан тусламж, үйлчилгээ 50 ортой эмнэлэг болон өргөжиж байгаад туйлын их баяртай байна. Эмнэлгийг ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг төдийгүй зүүн гурван аймгийн хүүхдүүдэд хүрсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж илүү өргөн болж байна. Эмнэлгийг барилгаас гадна иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган 100 хувь хүлээлгэн өгч байна.
УХТЭ нь энэ жилийн хувьд БЗД-ийн болон Зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг тод жишээ өнөөдрийн ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг юм.” гэдгийг онцлов.
БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнь Руй ” Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулах ажилд хувь нэмэр оруулсандаа баяртай байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ, УХТЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж байна. Үүнээс гадна коронавируст цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд БНХАУ, Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллагууд харилцан дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллаж байгаад талархаж байна.” гэдгийг мөн хэллээ.
БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр ” Хангарьд хөгжлийн төв ТББ-ын төслийн хүрээнд бид хүүхэд, багачуудын төлөө дорвитой ажил хийе хэмээн ярилцаж 2015 оноос эхлэн хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Анх Чингэлтэй дүүргээс эхэлж байсан бол өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг баригдлаа. Өнөөдрийн ашиглалтад оруулж буй эмнэлэг бол бидний зургаа дахь төсөл тав дахь эмнэлэг болж байна.” гэлээ.
150 мянга гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүд ачаалал 20 хувиар буурах боломжтой.
Үргэлжлүүлэн УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “УХТЭ нь насанд хүрэгсэд төдийгүй хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ажилласаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. Анх 1931 онд Идэвхтний эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, 1965 онд 50 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлсээр яваа цөөн төв эмнэлгүүдийн нэг юм. Энэхүү энэрэнгүй үйлсэд зүтгэж байсан үе үеийн төлөөлөл болсон их эмч Ү.Доржханд, Д.Отгончимэг ,Ч.Өлзийбүрэн, сувилагч Ж.Нямцэнгэл, Ж. Чулуунбат нарыг дурдахад таатай байна. Мөн одоогийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.
2019 онд ажлаа аваад нэн тэргүүнд хүүхдийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох үүднээс олон эрхэмд энэ хүсэлтээ тавьж байсан. Энэ зорилго, хүсэлтийг маань найрсгаар хүлээн авч, бидэнтэй хамтран ажилласан БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БСШУЯ, ЭМЯ-ныхаа буцалтгүй хандив, тусламжаар 2020 оны 5-р сараас барилгын ажил маань эхлэж, 50 ортой хүүхдийн иж бүрэн тоног төхөөрөмж, тохижилттой эмнэлгээ ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Эмнэлэг ашиглалтад орсноор, хотын зүүн бүсийн дүүргүүдэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой болно.
Мөн амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, нярайн эргэлт, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь чанартай үзүүлнэ.
Ингээд барилгын ажлыг цагт нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулсан та бүхэндээ УХТЭ-ийн хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.” гэлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам