Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан.
Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн аян энэ удаа өмнийн шаргал говьд үргэлжлэв.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгалаа.
Тус үйл ажиллагааг дэмжин оролцсон ХХЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, дэд хурандаа В.Хундгаа захирагчтай, хошууч Л.Алтангэрэл штабын даргатай Цэргийн гавьяаны одонт хилийн 0131 дүгээр анги, тус ангийн ахмад А.Гэрэлмөнх даргатай хилийн 0247 дугаар салбар буюу Цагаан дэрсний застав, ахмад Н.Үенчийн удирдсан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүлэгт зохион байгуулагчид гүнээ талархсанаа илэрхийлэв.
Тоот өндөрлөг рүү дөхөн очих үед ахлагч Н.Цэрэн-Очирын удирдсан хилийн манааныхан биднийг угтан авч, Монгол Улсын дархан хил тайван байгааг дарга нартаа илтгэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж билээ.
Далай орны минь дархан хилийн 652 тоот баганад Олимп-спортын зүтгэлтнүүд, Хил хамгаалах байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” бамбарыг Хилийн цэргийн хөнгөн атлетикийн тамирчин Д.Урандэлгэр бүсгүй залж, Монгол Улсын төрийн далбааг ахлах ахлагч Б.Ганзориг мандуулав. Тус багана байрлах Номгон сум нь Монгол орны сумуудаас хамгийн өмнө этгээдэд оршино. Харин тус сумын Дэрсэнэ ус баг мөн л улсынхаа багууд дундаа онцгойрч, Цагаан дэрсний застав ч бас өнгөлнө. Эдгээр сум, баг, застав, хилийн манаа, хилийн багана бүгдээрээ 42 дугаар өргөргөөс урагш оршдгоороо Монгол Улсдаа өөр өрсөлдөгчгүй гэж хэлж болох.
Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 240 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа гурван жилийн өмнө Цэргийн гавьяаны одон хүртжээ.
Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж, өнөө цагийн хилийн алба, хил хамгаалах байгууллагыг цогцлоож, тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид энэ ангиар овоглодог. Хилийн цэргийн ууган ангийн нэг 0131 дүгээр ангийнхан 87 жилийн түүхэндээ долоон генерал, 37 хурандаа төрүүлэн гаргасан гэнэ. Залуухан дэд хурандаа В.Хундгаа нь олон жилийн намтар түүхтэй, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчаар томилогдож ирээд удаагүй байна. Тэрбээр ноднин Алтай таван богдод олимпийн бамбар залах үеэр тэндхийн 0165 дугаар ангийн штабын даргаар ажиллаж байсан аж. Уулзах ёстой хүмүүс уулздаг гэж үнэн бололтой. Төрийн далбаа, “Токио-2020” бамбарыг ойрын үед Монгол Улсын зүүн цэг болох Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар, хойд цэг болох Хөвсгөлийн Монгол шарын даваанд аялуулж, олимпизмыг сурталчлах юм. Олимпийн бамбарыг Монголоороо, тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай.
“Рио-2016” олимпоос “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин сүүлчийн олимпийн дэвжээнд амжилт гаргасныг монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тэдний амжилтын буухиаг “Хилчин”-ий тамирчид Токиод ч үргэлжлүүлэх нь эргэлзээгүй биз ээ. Өмнийн шаргал говьд олимпизм сурталчлах үеэр спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн дэд хурандаа В.Хундгаа, хошууч Л.Алтангэрэл нарыг МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор, ахмад А.Гэрэлмөнх, тамирчин Н.Майцэцэг, Д.Урандэлгэр зэрэг хүмүүсийг МҮОХ-ны алтан медалиар шагнаж урамшуулав.
Эх сурвалж: Монголын триатлоны холбоо