Хүний амь хохироосон гэх Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нарт холбогдох хэргийг шийдэх явц удааширлаа хэмээн олон нийт шүүмжилж, хохирогчийн ар гэрийнхэн нь ч бухимдаж буй. Уг хэрэг 2019 оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сумд гарсан юм.
Цагдаагийн алба хаагч Ө, У нар иргэн Г-г архи амссанаар нь шалтаглан, цагдаагийн хэлтэс рүү авч явна хэмээн машин руугаа хүчээр чихэж суулган, хоолойг нь боосны улмаас үхэлд хүргэсэн гэдэг. Харамсалтай нь, гэрчтэй, эзэнтэй эл хэрэг шийдэхгүй жил гаруйн хугацаан өнгөрөөд буй.
Төв аймгийн Прокурорын газраас цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буруутайд тооцон ял төлөвлөөд байна. Шүүгдэгч Ө, У нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурлын шийдвэр хараахан гараагүй байна. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.