Өнөөдөр 11 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 313 дахь (өндөр жил бол 314 дэх) өдөр юм. Мөн он дуустал 52 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 09. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 24. Даваа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр. Улаанбаатарт: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
• 1921.11.09: Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ.
• 2015.11.09: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
• 1927: Хятадад аварга том панда олджээ.
• 1985: 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болов.
• 1989: Берлиний ханыг нурааж эхэлжээ.
• 1989: БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцров.
• 1994: Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Кумаратунга тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогдов.
Тэмдэглэлт баярууд
• Азербайжанд Төрийн далбааны өдөр
• Камбожид Тусгаар тогтнолын өдөр
• Герман, Австри, Швейцарт Зохион бүтээгчдийн өдөр
Берлиний ханыг нурааж эхэлжээ
Берлиний ханыг 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нураасан нь Зүүн болон Баруун Герман нэгдэж, “Хүйтэн дайн”-ы эцэс, олон улсын харилцааны шинэ эрин үе болсноороо Герман төдийгүй хүн төрөлхтний тэмдэглэлт өдөр юм.
Хорьдугаар зууны “Хүйтэн дайны” бэлгэ тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлиний хана байлаа. Берлиний ханыг 1961 оны наймдугаар сарын 13-наас барьж эхэлжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байсан бол сүүлдээ бетоноор хана босгосон ажээ.
Берлиний хана нь 5 метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй, 45 км-ийн урттай байв. Гэвч дараа нь ханыг үргэлжлүүлэн барьсаар 120 км урт болжээ. Ингэснээр Зүүн, Баруун Герман хоорондоо бүрэн зааглагдав.
Берлиний ханыг барьсан гол шалтгаан нь Зүүн Герман буюу социалист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсаас Баруун Германыг зүглэх дүрвэгсэдийн тоог багасгахад оршиж байлаа. Берлиний ханыг барьж эхэлсэн он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор хоёр сая хүн дүрвэж, Баруун Германд очсон байна. Дэлхийн Коммунистуудын гол төв болсон Зөвлөлт Холбоот Улсад 1985 оноос эхэлсэн өөрчлөн байгуулалт бүтэлгүйтэв. Энэ үед социалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхэллээ. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Германд коммунист дэглэм нуран унав. Энэ өдөр Берлиний ханыг нураасан ч зарим хэсгийг дурсгал болгон үлдээжээ.
Германд “Берлиний хана” гэдэг музей байдаг юм. Хүйтэн дайны он жилүүдэд хүмүүс Берлиний ханыг давах гэж хэрхэн оролдож байсан тухай энэ музейн үзмэрүүд өгүүлэх аж.
Л.Баяр