Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлалаа. The Washington Post-ын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Доналд Трампын өмнөх хэд хэдэн санаачилгыг цуцлах тогтоолд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ялагч Жо Байден ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ 74 сая санал, 270 гаруй сонголтын төлөөлөгчдийн санал авснаа мэдээлсэн. Энэ бол ялахад хангалттай тоо юм. Америкийн хэвлэлүүд Жо Байденыг яллаа гэж зарлаж байх зуур түүний Twitter хаягт “сонгогдсон ерөнхийлөгч” хэмээх тэмдэглэгээ гарч ирэв.
Тэгвэл шинэ ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд ажлаа авмагцаа Доналд Трампын хэд хэдэн санаачилгыг цуцлах тогтоолуудад гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай The Washington Post сонины эх сурвалж мэдээлж байгаа юм. Жишээ нь гэхэд Байден Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд АНУ-аа эргүүлэн нэгтгэх, ДЭМБ-аас улсаа гаргах асуудлыг цуцлах, цагаачлалын хоригийг зогсоох төлөвтэй байгаа гэнэ.
Тэрбээр түүнчлэн уур амьсгаоын өөрчлөлтөд онцгой анхаарч, 2050 он гэхэд АНУ-ыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөгөө хүртэл гаргажээ.
Байдентай хамт ажиллаж байсаан Пентагоны тэргүүн Роберт Гейтс “Жог хайрлахгүй байхыг аргагүй. Үүний зэрэгцээ тэрбээр сүүлийн 40 жилийн турш олон улсын харилцаа, үндэсний аюулгүй байдлын бараг бүхий л асуудлаар буруу байр суурь баримталж ирсэн” хэмээн тэмдэглэжээ.
Байден Орост гэхэд гадаадын бодлого дахь Америкийн уламжлалт байр суурийг хадгалах төлөвтэй байгаа. Трампын хэлдэг үгнээс бусдаар бол юу ч өөрчлөгдөхгүй гэж Оросын олон улсын харилцааны шинжээч Михаил Троицкий мэдэгдлээ.
Михаил Троицкий: “Гадаад бодлогод өөрчлөлт алгуурхан гарна л гэж би бодож болно. Байден гадаад бодлоготой холбоотой гол эрх мэдэлтнүүдээрээ хэнийг сонгох вэ гэдгээс ихэнх зүйл шалтгаална. Тэрбээр амласныхаа дагуу холбоотнуудтайгаа харилцаагаа сэргээж, НАТО-гийн хүрээнд нэмэлтээр баталгаа гаргахыг хичээнэ гэж бодож байна. Холбоотнууд нь нэмж мөнгө төлөх зэрэг шаардлага тавихаа больж магадгүй. Ерөнхийдөө энэ нь Америкийн уламжлалт гадаад бодлогыг баталсан явдал болно. Трампын хэлдэг үгнээс хажуугаар юу ч өөрчлөгдөхгүй. Мэдээж Байден Ким Чен Уныг найзаа гэж нэрлэхгүй. Магадгүй Орост нэмэлт ямар нэгэн арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэнэ гэж бодож байна. Гэхдээ тэр коронавирусийн хүнд нөхцөлд хэн нэгэнтэй зөрчилдөхгүй л болов уу би санана. Байден болон түүний төлөөлөгчид Оросын ч хүсэж байгаа Стратегийн дайралтын зэвсгийг багасгах гэрээгээ сунгах хүсэлтэйгээ ойлгуулсан. Байден Трампын захиргааны ямар нэгэн амжилтыг ашиглаж, энэ гэрээнд Орост дарамт шахалт үзүүлнэ, магадгүй гэрээгээ сунгах хүсэлтэйгээ зарлаж магадгүй”
Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр олон сая шинэ ажлын байр бий болгохоо амласан. Ингэхдээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг сөрөг хүчний Доналд Трампын оруулсан баячуудын татварыг бууруулсан асуудлыг цуцлах замаар бий болгоно. Энэ хууль нь янз бүрийн татвар төлөгчдийн хувьд татварын дарамтыг хөнгөлөх зорилготой байсан. Ингэхдээ юуны түрүүнд бизнес, корпорациуд, үйлдвэрүүдэд хамааралтай байсан. Тухайлбал, хуулийн этгээдийн ашгийн татварыг 35-аас 21% болгон эрс бууруулсан.
Түүнчлэн тэрбээр системийн арьс өнгөний ялгаварлалыг үндсээр нь устгахаар ажиллах гэж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нь энэ суудалд суусан “анхны хар арьст эмэгтэй” болж байгааг тэрбээр сануулсан.
Франклин Рузвельтийн нэрэмжит АНУ-ыг судлах сангийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор Юрий Рогулев: “Байдены ярьж байсан, сануулж байсан ихэнх асуудлууд юун түрүүнд дотоод бодлого, цар тахалтай хийх тэмцэл, эдийн засгийн хямралыг даван туулах байсан. Энэ бүгд түүний бүрэн утгаар нь туулах асуудлууд”.
Өнөөдөр Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх тусгай комиссын бүрэлдэхүүнээ зарлана. Цар тахал эхэлсэн цагаас эхлэн тэрбээр хүн амдаа нэг бус удаа хандаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байсан юм. Тэрбээр америкчуудаа амны хаалт зүүж, зай барьж, халдвар авах эрсдэлд хянамгай хандахыг сануулж байсан. Тэрбээр Цагаан ордонд ормогцоо эхний өдрөөсөө л цар таралтай цаашид тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна, холбооны түвшинд “маскны дэглэм” тогтооно гэсэн юм.
Э.МАРТ
1 comment
Trump baisan ch yalgaagui l yum bn!