Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр дөрвөн хүн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч эрэгтэй 30 настай, мөн жолооч 40 настай эрэгтэй Беларусь улсын иргэд юм. Түүнчлэн аравдугаар сарын 20-нд Энэтхэг –Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Харин 4 дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Коронавирусын халдвартай хүмүүст үйлчлэх зорилгоор 14 хоногийн хугацаатай багаараа ажилладаг. Энд ажиллаж байх хугацаанд хяналтын шинжилгээг хийдэг. Ингээд 12 дахь хоногт коронавирус илэрлээ. Иймээс ажлын баг хамт олныг хяналтад авж шинжилгээ авч хяналт үргэлжилж байна. Ер нь бол 14 хоног ажиллаад, дараа нь 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдаж хянагддаг. Ингээд 28 хоногийн дараа гардаг.
Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 356 боллоо. Эдгэрсэн 314, тандалт дуусан 310, гэрийн ажиглалтад 3 сувиллын ажиглалтад 1 хүн байна” гэлээ.
COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн гэдэг мэдээлэл бол голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ эрүүл мэнд, ажиллаж буй орчин, хангалтад анхаарах ёстойг харуулж байгаа юм.
Л.Баяр