Тайваний мэргэжлийн хэвлэх машин үйлдвэрлэгч компани болох Labelmen International нь Тайваньтай дипломат болон нөхөрсөг харилцаатай улс орнуудын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэрэгт туслалцаа үзүүлэхийн тулд өөрсдийн санаачлагаар 400 ширхэг нүүрний хаалтыг Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хандивлав. Уг нүүрний хаалтыг хандивлах хандивын арга хэмжээг 2020 оны 11-р сарын 2-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт зохион байгуулсан ба Тайваниас МУ-д суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг арга хэмжээг хөтлөн явуулав.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захирал Н.Лхажий “Цар тахлын үеэр манай эмнэлэг олон тооны улс орнуудтай цахим хэлэлцүүлэг зохион байгуулж хамтарч ажиллахаас гадна Тайваний голлох эмнэлгүүдтэй мөн адил хамтарч ажилласан. Тайваний эмнэлгийн технологи ба менежмент, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зэрэг салбаруудаас суралцах зүйл их учир манай эмнэлэг Тайваньтай эдгээр салбарууд дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Түүнчлэн Тайваний зүгээс нүүрний хаалт хандивласанд талархаж байна” хэмээв.
Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Labelmen International компани нь өдгөө 55 жилийн түүхтэй бөгөөд зөөлөн сав баглаа боодол бүхий хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүн, мөн цахим шошго хийхэд шаардагдах мэргэжлийн хэвлэх машин зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Энэ удаа хандивласан нүүрний хаалт ч мөн адил Labelmen International өөрсдөө санаачлан үйлдвэрлэсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Гэвч эдгээр нүүрний хаалтуудыг тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн МУ-д авч ирсэн тул тоо хэмжээний хувьд хязгаартай” хэмээн санал бодлоо илэрхийлэв.
Тайвань нь цар тахлын эсрэг хамтран ажиллах сайн түнш орны хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх эмнэлгийн хэрэгсэл болон туршлага хуваалцах зэрэг үйл хэргийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал энэ оны эхээс өдийг хүртэл Тайвань 200,000 ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт, 25,000 ширхэг халдвар хамгааллын болон тусгаарлалтын бүсэд ашиглах хамгаалах хувцас зэрэг эд хэрэгслийг МУ-д хандивласан. Мөн түүнчлэн Тайвань Монгол хоёр орны голлох эмнэлгүүд хамтран 5 удаагийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр Тайвань нүүрний хаалтууд нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэрэгт тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Тус эмнэлэг нь Тайваний голлох эмнэлгүүдтэй цаашид ч нягт хамтран ажиллана хэмээн найдаж байна.
Зургийн тайлбар: Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захирал Н.Лхажийтай хандивын арга хэмжээний үеэр зураг даруулав.
Updown.mn