НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Сүүлийн 24 цагийн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нийт 352 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгэрсэн 314 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 38 хүн эмчлүүлж байна.
Харин томуу, томуу төст өвчний талаарх товч мэдээллийг өгөхөд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1123 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс амьсгалын замын өвчтэй хүүхэд 302 байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс өгч байх шаардлагатай. Мөн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аянд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байгаа гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд онцолж хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс