УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвийн дагалдах хуулиуд эдийн засгийн бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ? Уул уурхайгаас гадна бусад салбар оршин тогтнож үлдэх юм уу, уул уурхайгаас доллар орж ирээд үүнийгээ халамжид тараагаад ажил хийхгүй амьдраад байх уу, уул уурхайгаас бусад салбар ангалын эрмэг рүү улам шахагдаж байна. Муу тал руу явж байгаа үзүүлэлтийг засахгүй юу.
Эдийн засагт чанартай ажлын байр гэдэг ойлголт байхгүй боллоо. Дагалдах хуулиуд дээр олон өөрчлөлт хэрэгтэй байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг дээр төсвийн өөрчлөлт орох хэрэгтэй. Ганцхан сар хилээ хаахад худалдан авагч улс яах вэ. Төсвөөр театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстой. Эдийн засгийн бүтцийн буруу зүг рүү яваад байна” гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Тантай санал нэг байна. Төсвийн хууль төсвийн харилцааг зохицуулж байгаа. Хөгжлийн бодлогыг таван жилээр төлөвлөдөг хуультай болсон. Зөвхөн төсвийн харилцаагаар хөгжлийн санхүүжилтийг бүрэн хийдэггүй. Төсвийн бодлогын цаана макро түвшинд зохицуулалт хийдэг нь татварын бодлого юм. Татварын бодлого нь дунд, урт хугацааны хөгжлөө дэмжсэн.
2020 онд бид эдийн засгийн том сорилтыг давлаа. 2021 оны төсөв бол ирэх оны төсвийн бодлогоо зохицуулж байгаа харилцаа. Төр өөрөө ажил олгогч байж болохгүй. Тэгэх юм бол төр улам л данхайна. Харин төсвийн бодлогоор дамжуулж ажил олгогчдыг дэмжих нь туйлын зөв.