НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна.
Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхэлсэн. Зарим нийтлэг томоохон зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийсэн, үнс нурмаа ил задгай асгадаг зэрэг зөрчил илэрлээ.
Мөн угаар мэдрэгчээ зөв ашиглахгүй байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф үнэгүй болсон. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь битгий үлдээгээрэй. Цахилгааны болон галын аюулгүй байдлаа онцгой анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцолж хэлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс