Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төслийн хаалтын ажиллагаа хэлэлцүүлгээр өрнөж байна. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, хоргүйжүүлэх ажил хийгдэж байгаа ч тодорхой хэмжээний үнэр ялгаруулж байгаа нь илтгэгч байгууллагын илтгэлд дурьдагдаж байна. Учир нь Төв цэвэрлэх байгууламж руу стандартын бус химийн хүнд элементтэй бохирдол нийлүүлэгдэж байгаагаас шалтгаалж байгаа аж.
Өөрөөр хэлбэл Цэвэрлэх байгууламж руу нийлүүлэгдэж байгаа бохирдлыг хянах ямар ч боломжгүй хэвээр байна. Тиймээс БХБЯ-аас Жайка Олон Улсын байгууллагатай хамтран ажиллаж бохирдлыг хянах хяналтын системтэй болох, бохирдлыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох талаар ажиллаж байгааг хэллээ.
Төв цэвэрлэх байгууламж руу бохирдлоо нийлүүлж байсан ноосны үйлдвэр хаагдсан. Харин арьс ширний үйлдвэр хромыг ашиглахаа больсон гэдэг ч өнөөдрийг хүртэл ашиглаж байж болзошгүй гэдэг нь судлаач байгууллагуудын хийсэн судалгаанаас гарч байгаа юм. Энэ мэт хүнсний болон ахуйн үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүйгээс шалтгаалан Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй хэвээр байна. Тиймээс төслийг цаашид өргөжүүлж, үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байгаа юм.
Ямартаа ч 50 гаруй жил Төв цэвэрлэх байгууламжид задгай байдлаар хуримтлагдсан лагийг цэвэрлэж үнэргүйжүүлж, хоргүйжүүлсэн, мөн өдөр тутам ирж байгаа шингэн лагийг усгүйжүүлж, овор хэмжээ үнэрийг зургаа дахин бууруулж чадсан үзүүлэлттэйгээр төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж чадлаа