Чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.
МӨНГӨНИЙ БОДЛОГОТОЙ ХОЛБООТОЙГООР ХЭН ЮУ ХЭЛЭВ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унасан
2015 онд нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна гэж шоу хийсэн. Гэтэл өнөөдөр 29 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна. АН-ын бүлгээс 20 мянган төгрөгөөр 2016 онд ямар хүнс авдаг байсан, өнөөдөр юу юу авч хүрч байгааг чуулганы танхимын үүдэнд харуулсан. Зарим эрэгтэйчүүд ийм мөнгөөр юу авч байгааг мэдэхгүй байх. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унасан.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өөрсдөө цэвэрхэн сайхан байсан юм шиг улс төр хийдгээ болих хэрэгтэй
Өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрэхэд өмнөх парламентад сууж байсан зарим улс төрийн намуудын оролцоо их байсан. Тиймээс өөрсдөө цэвэрхэн сайхан байсан юм шиг улс төр хийдгээ болих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Иргэдийн цалин, тэтгэвэр хэвээрээ байгаа ч төгрөгийн худалдан авах чадвар унаад байна
Гадны орнуудад цалин, тэтгэврийн индексжүүлж нэмэгдүүлнэ гэж нэг арга байдаг. Ийм хууль эрх зүйн орчин манайд байхгүй. Иргэдийн цалин, тэтгэвэр хэвээрээ байгаа ч төгрөгийн худалдан авах чадвар унаад байна.Монголбанкны жилд арилжааны банкуудад өгдөг хүү 500 тэрбум төгрөг болчихсон. Бидний цалин тэтгэвэр өгөх мөнгийг арилжааны банкуудад өгчихөөд байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:Бид баахан хүлээлт үүсгэдэг шүү
Өвөлжилт маш хүндрэлтэй байна. Урьдчилсан тооцоогоор 7-10 сая тоо толгой мал эрсдэлд орчих олон зуун мянган малчин иргэд амжиргаагүй болж магадгүй бодитой аюул бидэнд тулгарчихаад байна. Цаг хугацаа хүлээхгүй эрсдэл шүү. Мөнгөний бодлого батлагдангууд Засгийн газартайгаа суугаад Төсвийн бодлого, мөнгөний бодлоготой уялдуулж, арилжааны банкаараа ямар зээлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаагаа малчдад их ойлгомжтой хэлмээр байгаа юм. Тэгэхгүй бол бид баахан хүлээлт үүсгэдэг шүү.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсвийн шинж чанартай аливаа зүйлийг төв банк санхүүжүүлэх ёсгүй
МАН-ынханд хандаж хэлэхэд та нар 2012-2016 оны алдааг давтах гээд байна. Алдаа нь юу байсан гэхээр Монголбанк нь Сангийн яам шиг ажилладаг болчихсон, мөнгө хэвлэж байгаад улстөржсөн зардлыг санхжүүлдэг болчихсон байсан гай одоо болтол дуусаагүй байна. Үр дүнд нь ханшаа хоёр дахин алдсан.
Цар тахлын үед үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байна. Зөв. Гэхдээ тэрийн хийдэг субъект нь Монголбанк биш. Цаашид төсвийн шинж чанартай аливаа зүйлийг төв банк санхүүжүүлэх ёсгүй. Ингэж ханш тогтвортой байдаг.
Н.БАТАА