Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн нутаг дэвсгэрт хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Анх тус газарт хоёр компани хайгуулын зориулалтаар лиценз эзэмшин, хайгуул нэрийдлээр нууцаар жонш ухаж байсныг илрүүлж, Мөрөн сумын зүгээс орон нутгийн хамгаалалтад авах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлснээр таслан зогсоосон байдаг.
2019 онд Мөрөн сумын иргэд тус газрыг Бичил уурхайн чиглэлээр ашиглуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу Хэнтий аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж 2019 оны 12 дугаар сард 49,2 га газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан байна. Гэхдээ иргэд бичил уурхайн чиглэлээр ашиглаагүй.
Харин гадны иргэд тэр дундаа Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар нууцаар ухаж эхэлснээр энэ асуудал анхаарлын төвд орсон байдаг. 2019 онд анх хулгайгаар ухаж байгааг нутгийн иргэд мэдээлснээр ийнхүү олон нийтэд илж болжээ.
Түүний дараа 2020 оны 08-р сард дахин хулгайгаар ухаж зөөвөрлөж байхыг нь Хэнтий аймгийн МХГ, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд үйлдэл дээр нь таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулсан байна. Дөнгөж 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 19-20-нд шилжих шөнө дахин хулгайгаар ухжээ. Энэ мэт 3-4 удаагийн үйлдэл гарч баригдан шалгагдаж, эхний хэргүүд шүүн таслагдахад бэлэн болжээ.
Аймгийн Засаг дарга Ц. Идэрбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ажлын багийн бүрэлдэхүүнтэй ажиллаад иржээ. Тэрээр нэн даруй экологийн үнэлгээг хийлгэж, булах хэрэгтэйг сануулж, экологийн үнэлгээ хийх шаардлагатай хөрөнгө мөнгийг аймгийн төсвөөс гаргуулах, хэрэг шийдэгдээд дуусахад хохирлыг нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа.
Яагаад заавал экологийн үнэлгээ хийх шаардлага тулгарч байгааг тодруулахад: Тус газраас хэр хэмжээний жонш зөөвөрлөсөн эсэхийг тогтоох, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан зэргийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгодог байна. Үнэлгээ хийхэд 60 орчим сая төгрөгийн зардал гардаг байна. Экологийн үнэлгээ хийсний дараа тус газрыг булах ажлыг эрчимтэй хийх юм.
Үүнийг Мэргэжлийн хяналтын газрыг хариуцахыг үүрэг болголоо. “Хэнтий ус” ХК, “Харгуй” ТӨХК, “Өндөрхаан Хот тохижилт” зэрэг байгууллагын техник хэрэгслийг ашиглан булах ажлыг эхлүүлэхийг үүрэгдлээ. Дан ганц булаад зогсохгүй байнгын манаачтай болгох, байгаль орчны байцаагчтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Мөн нутгийн иргэдийг үнэн зөв мэдээлэгч байж, тэдний гар хөл болохгүй байхыг хатуу анхаарууллаа.