2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 05-ны өдрийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуучуудын сурч боловсрох үндсэн эрхийг нь хязгаарлаж байгаа сургуулийн орчны дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлж байна.
Дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирсон байдаг. Мөн КОВИД-19 цар тахлын үеэр сургуулиудыг түр хаах арга хэмжээ авсны улмаас зохистой бүтэц, хяналт байхгүй нөхцөлд хүүхэд, залуучуудын цахим хэрэглээ эрс нэмэгдсэн нь цахим дарамтад өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлжээ.
ЮНЕСКО-оос эрхлэн хэвлүүлсэн “Тоо, баримтын цаана: Сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийг зогсоох нь” тайланд дурдсанаар Монгол улсын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байсан бөгөөд, 43.8 хувь нь зодоон хийсэн бол 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн байна.
Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40,7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байна.
“Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран ЮНЕСКО-ийн Холбоот 2-р сургууль, 31-р сургууль, Монгени цогцолбор сургуулиудын дунд ангийн сурагчдын сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгуулж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар