Өнөөдөр 11 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 309 дахь (өндөр жил бол 310 дэх) өдөр юм. Мөн он дуустал 56 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 05. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 20. Пүрэв гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр. Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
• 1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгөв.
• 1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
• 1993.11.05: Улаанбаатар хотын ойролцоо буюу Санзайн аманд Зэвсэгт хүчний ангийн нисдэг тэрэг хоёр нисгэгчтэй төлөвлөгөөт нислэг хийж яваад осолджээ.
• 2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
• 1934 оны энэ өдөр Ленинград хотын “Титан” кино театрт алдарт “Чапаев” кино нээлтээ хийжээ.
• 1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.
• 1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” машинаа танилцуулав.
Тэмдэглэлт баярууд:
• Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр.
• Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр
• Арменд Тагнуулчдын баяр
• Их Британид Гай Фоксын шөнө буюу Түүдэг галын өдөр
• АНУ-д Америк хөл бөмбөгийн өдөр.
Л.Баяр