2016 оноос НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч одоог хүртэл бүрэн жигдрэхгүй байна. Улмаар НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байгууллагуудыг хэрхэн шалгадаг, иргэд ямар арга хэмжээ авах талаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хувь хүний татварын хэтсийн дарга Б.Мөнхбат тайлбарлахдаа, “НӨАТ-ын баримт олгохгүй байгаа албан байгууллага, үйлчилгээний газруудад зөрчлийн тухай хуулиар зөрчил болгон дээр иргэнийг нэг сая, аж ахуйн нэгжийг 15 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Уг заалт нь 2020 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн.
Дээрх зөрчил Нарантуул, Бөмбөгөр, Барс гэх мэт НӨАТ-ын баримт өгдөггүй худалдааны төвүүдээс манай татварын алба шалгалт хийж торгох арга хэмжээг хүртэл авч байна. Гэвч НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэхээр манай торгуулийн систем хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн үг юм. Үүнийг үйлчлүүлж буй иргэд л хянах, тогтмол шаардах ёстой.
Харин одоо Татварын алба E-баримт аппликешнийг ашиглан гомдол хүлээж авдаг болсон. Бүх худалдааны төвүүдээр QR гээд кодыг байрлуулсан. Иймд бизнес эрхлэгч баримт өгөхгүй бол та өөрөө тухайн газрын QR кодыг нь уншуулж, баримт үүсгээд авах боломжтой юм.
Иргэн та худалдаа хийгээд
- Утасыхаа Е-баримт апп руугаа ороод
- Баримт үүсгэх гэсэн цэс рүү орж 10.000 төгрөгний худалдаа хийлээ гээд уншуулахад худалдагч талд тэр нь баталгаажуулагдахаар очих юм.
- Худалдагч тал түүнийг баталгаажуулахгүй бол 72 цагийн дараа татварын албан дээр гомдол болж ирнэ.
Ингэснээр гомдол эзэнтэй болно гэсэн үг. Тэр QR кодын ард аль захын аль лангууны хэн гэдэг бизнес эрхлэгч гэх мэт бүх мэдээлэл тодорхой болно. Бид аль болох гомдлыг гар утсаар буюу аппликейшнээр авч ажиллабал бодитой юм.
QR кодыг үйлчилгээний газруудын хананд байршуулах ажил үргэлжилж байна. Бид эхний ээлжинд үсчин, гоо сайхан, цайны газар, зургаан нэрийн дэлгүүр, авто засвар, авто худалдаа зэрэг газар байршуулж байна.
Уг байршуулсан QR хуулж авсан тохиолдолд зөрчлийн хуулинд эрх бүхий албан тушаалтны хууль бүхий шаардлагыг биелүүлээгүй бол 50.000-500.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох юм. НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааны гол хянагч нь иргэд юм” гэлээ.