Баярын өдрүүдээр цаг агаар нэмэх хэмд хүртэл дулаарсан. Үүний улмаас орон нутгийн иргэд шар усны үерт автах, мөсөнд цөмөрч амиа алдсан харамсалтай хэрэг цөөнгүй гарчээ. Энэ сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голын мөс цөмөрч 8 настай охин амиа алдсан байна. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж өчигдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газарт өнөөдөр (2017.03.02) “Хар-Ус” нуурын мөс цөмөрч автомашин осолдож нэг иргэн амиа алджээ. Цогцосыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хаврын урь орсон энэ өдрүүдэд иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байгаа.
Мөн сар шинийн баяраар орон нутагт иргэд цасанд суух дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин, Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа” гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу 40 гаруй албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тиймээс мэдэхгүй замаар явахгүй байхыг мөн анхаарууллаа.