Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын талаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл болох Г.Ганболд, Б.Бейсен, Н.Ганибал, Г.Дамдинням нарын гишүүд болон Байнгын хорооны холбогдох хүмүүс өнөөдөр ХХААХҮ-ийн яаманд ажиллав.
Ажлын хэсгийн гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх шийдлүүдийг ярилцаж, ХХААХҮ-ийн яаманд гаргасан “Нэг цэг”-ийн үйлчилгээгээ танилцуулан, мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Төрийн үйлчилгээг түгжрэлгүй, шуурхай болгох чиглэлд манай хамт олон онцгой анхаарч ажиллаж байгаа.
Үүний нэг илрэл бол мах экспортлогч компаниуд холбогдох бичиг баримт бүрдүүлэхээр төрийн байгууллагуудын үүд сахиж, замын түгжрээнд хотын баруун талаас , зүүн зах руу давхиж цаг хугацаа алддаг байсныг өөрчилж, нэг дороос олон үйлчилгээ цаг алдахгүй, шуурхай авах боломжийг “Нэг цэг”-ийн үйлчилгээгээр бүрдүүлж өгсөн юм. Энэ ажлыг УИХ-ын гишүүд дэмжиж, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх асуудлаар ярилцлаа.
Махны квоттой холбоотой асуудлыг 12 дугаар сард тулган бөөн бөөгнөрөл, бухимдал үүсгэдэг байдлыг өөрчлөхөөр жил бүрийн 9-р сард шийддэг болгох саналыг яамнаас Стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд оруулсныг Ажлын хэсгийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Цаашид бодлого боловсруулагч, аж ахуйн нэгжүүд, иргэд нэгдсэн ойлголттой, нэг зүгт харж байж махны экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлж чадна.