Японы Засгийн газраас 2020 оны намар одон гардах гадаадын иргэдийн нэрийг өнөөдөр зарлажээ.
Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монгол дахь япон хэлний боловсролын хөгжил болон Япон, Монгол Улсын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсныг үнэлж МУИС-ийн багш Т. Мөнхцэцэгт “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон, багш Д.Наранцэцэгт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртээхээр болсон байна.
МУИС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг
Зөвлөх багш Т.Мөнхцэцэг нь Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1976 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлд суралцаж төгсөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн судалгааны хүрээлэнд ажлын гараагаа эхлүүлжээ. Т.Мөнхцэцэг нь Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчинг бэлтгэх анхны багш нарын нэг бөгөөд тус судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа хэлний чөлөөтэй байдал хязгаарлагдмал байсан социалист тогтолцоотой тухайн үед Монгол, Японы түүхийн харилцааны судалгаа хийж, үүний үр дүнд Монгол Улсын Их сургууль руу шилжсэнийхээ дараа олон арван эрдэм шинжилгээний ажлуудыг туурвисан.
Мөн Монгол Улс дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Тэрээр Монголын Япон судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл, диплом, эрдэм шинжилгээний ажлуудыг хянах зэргээр Монгол дахь япон судлалын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Түүнчлэн Японы түүх, соёлын судлаач төдийгүй Монгол Улсын Их Сургуульд япон хэл зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. 1991 онд Монголд социалист тогтолцоо нуран унаж, ардчилсан нийгэм эхлэх үед байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн Япон судлалын тэнхимд багшаар шилжин ирж, өнөөдрийг хүртэл 30 гаруй жил япон хэл зааж сургах үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Одоо түүний олон шавь япон хэлээ ашиглан их сургуулийн багш, япон хэлний багш, японы компаниуд зэрэг олон салбарт Япон, Монголын найрамдлын гүүр болон үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Шагнал: “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гаргасан амжилт: Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
МУИС-ийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэг
Д.Наранцэцэг нь Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн. Түүний дараа тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг нь билээ. Мөн Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг”, “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг”-ийг зохиоход гар бие оролцож, монгол, японы хэлний хэл шинжлэлийн судалгаа, боловсролоор дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
Мөн 1992 онд “ЖАЙКА” Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол улсад залуу сайн дурын гишүүнийг томилон ажиллуулж эхэлсэн тухайн үед Д.Наранцэцэг нь Монгол Улсын Их сургуулийн ажлаасаа гарч, Япон улсад очин, Японы Нагано мужийн Комаганэ хот, Фүкүшима мужийн Нихонмацү хотын сургалтын газарт Монголд томилогдон ажиллах анхны залуу сайн дурын гишүүнээс эхлэн 25 жилийн турш олон хүнд монгол хэлийг зааж сургажээ. Д.Наранцэцэг нь Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй залуу сайн дурын гишүүдэд япон хэл заах зэргээр хоёр орны харилцан ойлголцол болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Шагнал: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гаргасан амжилт: Монгол дахь япон хэлний боловсролын хөгжил болон Япон, Монгол улсын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Эх сурвалж: Японы ЭСЯ