Монгол улсын засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулууны тушаалаар Дэлхийн өв Монгол-Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргаар Б.Өмирбекийг томижээ.
Энэхүү газрын дүрмийг 2020 онд Засгийн газрын 12 дугаар тогтоолоор баталсан байна.
МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОРЫН
ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа (цаашид “Хамгаалалтын захиргаа” гэх) нь Монгол Алтайн хадны зургийн цогцолборын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий соёлын байгууллага мөн.
1.2. Хамгаалалтын захиргаа нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээр, энэ дүрмийг мөрдөнө.
1.3. Хамгаалалтын захиргаа нь зохих хууль, журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.4. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
1.5. Хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймагт байрлана.
Хоёр. Хамгаалалтын захиргааны чиг үүрэг
2.1. Хамгаалалтын захиргаа нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. байгалийн болон соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
2.1.2. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт дэглэм тогтоож мөрдүүлэх;
2.1.3. дурсгалт газраар аялах маршрут тогтоох, аялагчдыг мэдээллээр хангах;
2.1.4. хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;
2.1.5. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, дурсгалт газрын байгалийн болон соёлын өвийг хамгаалах талаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.1.6. байгалийн болон соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдалд хохирол учруулж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2.1.7. дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын талаар яам, холбогдох бусад газрыг шуурхай мэдээллээр хангах;
2.1.8. тогтоосон хугацаанд дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, хүргүүлэх;
2.1.9. дурсгалт газарт үзлэг, шалгалт хийх;
2.1.10. харьяалах орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих;
2.1.11. дурсгалт газрын байгаль, соёлын өвийг судлах ажлыг бие даан болон мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
2.1.12. дурсгалт газрын ойролцоох соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавих;
2.1.13. эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;
2.1.14. дурсгалт газрыг олон нийтэд сурталчлан таниулах;
2.1.15. эрх бүхий байгууллагаас өгсөн бусад чиг үүрэг.
2.2. Хамгаалалтын захиргаа энэ дүрмийн 2.1.9-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлж болно.
Гурав. Хамгаалалтын захиргааны бүтэц, удирдлага
3.1. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дарга удирдан зохион байгуулна. Даргыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14.1.16-д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
3.2. Хамгаалалтын захиргааны даргаар соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай, эрдмийн зэрэг цол, гадаад хэлний зохих мэдлэгтэй хүнийг сонгон шалгаруулж ажиллуулна.
3.3. Хамгаалалтын захиргааны ажилтнуудыг орон нутгийн иргэдээс сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах зарчим баримтална.
3.4. Хамгаалалтын захиргааны дарга байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
3.5. Хамгаалалтын захиргааны дарга дараахь бүрэн эрхтэй:
3.5.1. хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах;
3.5.2. хууль тогтоомж, Засгийн газрын болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.5.3. хамгаалалтын захиргааны ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилж, чөлөөлөх;
3.5.4. эрх мэдлийн хүрээнд тушаал гаргаж хэрэгжилтийг хангуулах;
3.5.5. байгууллагын төсвийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
3.5.6. эрх мэдлийн хүрээнд байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;
3.5.7. ажилтныг шагнаж урамшуулах, төр, засгийн шагналд тодорхойлох;
3.5.8. хамгаалалтын захиргааг гадаад улс болон дотоодод төлөөлөх;
3.5.9. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
3.7. Хамгаалалтын захиргааны дарга дурсгалт газрын хамгаалалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар оролцуулж болно.
Н.БАТАА
1 comment
Kazastanruu tuuhiin dursgaluud garaad yavna daa! Tsaasha setgeltei humuusiig engj eh tuuhee samruulj bolohgui ANHAAR!!!!!!!