Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн хамтран 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан ээлжит сургалтаа зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав.
Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын дарга асан, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Д.Дэмбэрэл “Улсын Их Хурлын гишүүний ёс зүй” сэдвээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх “Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус танилцуулга хийсэн бөгөөд Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдээлэл, сургалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Т.Аубакир, Б.Баярсайхан, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хариулт өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүд уг сургалтыг зайлшгүй хэрэгтэй мэдээллийг багтаасан чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд цаашид энэ төрлийн сургалт, мэдээллийг тогтмол хийж байхыг санал болгов.