Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон байна. Учир нь зэргэлдээ орших Хиагтын раойнд Ковид-19 халдвар илэрсэн юм. Уг чөлөөт бүс нь гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм.
Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Хуралдаанаар коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс Монгол, ОХУ-ын хоорондын Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаах шийдвэр гаргасан байна.
Улмаар ОХУ-ын буюу хил залгаа байгаа бүс нутгуудын цар тахлын өвчлөл байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байна. Улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илрээд байна. Эдгээр боомтоор нефть, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явж байгаа. Цар тахлын нөхцөл байдал амаргүй энэ цагт ард иргэд сонор сэрэмжээ өндөр байлгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг УОК-оос анхааруулж байна.