Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2020.10.30/ хуралдаж, Засгийн газраас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, танилцуулгадаа, … 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт, үүнээс урсгал зардлыг 138.9 тэрбум төгрөгөөр бууруулж 11.0 их наяд төгрөг байхаар тооцлоо. …бүх шатны төсвийн байгууллагын захиргааны удирдлага, үйлчилгээ болон хөрөнгийн ашиглалтын зардлыг бууруулахаар тооцсон.
Коронавирусын цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жилд хэрэгжүүлнэ. Мөн хувийн хэвшлийн ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 17 хувиар тооцохоор төлөвлөөд байна.
Өмнөх онуудад эхэлсэн 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг болон авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугмын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж онцлов.
Үргэлжлүүлэн 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 153.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсвийн төсөлд тусгажээ.
… Урсгал зардлын 24.3 хувь буюу 2 их наяд 678.4 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд, бараа, үйлчилгээний бусад зардалд 16.0 хувь буюу 1 их наяд 762.4 тэрбум, хүүгийн зардалд 10.3 хувь буюу 1 их наяд 137.5 тэрбум, татаас, урсгал шилжүүлгийн зардалд 49.4 хувь буюу 5 их наяд 433.7 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөсөн байна. Хөрөнгийн зардалд нийт 3 их наяд 498.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 1 их наяд 390.4 тэрбум төгрөгийг барилга байгууламж, 83.4 тэрбум төгрөгийг их засварт, 140.0 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж бэлтгэхэд, бусад хөрөнгөд 104.1 тэрбум, стратегийн нөөц хөрөнгө бэлтгэхэд 15.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. 21 төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад 3 их наяд 691.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 388.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтын 1031 төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 37.7 хувь буюу 389 төсөл, арга хэмжээ шинээр, 62.3 хувь буюу 642 арга хэмжээ үргэлжлэн хэрэгжихээр байна гэж танилцуулав.
Тус газраас 2021 оны төсвийн төсөлд хамжийн зардлыг өмнөх оны төлөвлөсөн дүнгээс бууруулж байгаа ч цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх, нэр төрлийг нэгтгэн шалгуур үзүүлэлт, аргачлалыг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр нөлөөг сайжруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн саналд үндэслэн тухайн орон нутгийн онцлогт нийцсэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бүсчлэн байгуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглүүлэх, хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 55 барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг тодорхой журам гарган зохицуулах, Засгийн газрын өрийн зохистой түвшнийг баримтлах, гадаад зээлээр үр ашиг бүхий төслийг санхүүжүүлэн тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход хөгжлийн болон төсвийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт өгчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Асуултад Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг үнэлэх аргачлалыг 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа ашигласан уу гэдгийг тодруулж, асуултад Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж уг аргачлалыг 2020, 2021 оны төсвийг боловсруулахад ашигласан гэсэн тайлбар өгөв.
Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зарлагын 74 хувь нь урсгал зардал байна. Үүнд ямар арга хэмжээ авах, мөн төсвийн алдагдлыг өр болгохгүйгээр авах арга хэмжээ, гадаад өрийг багасгах, үр дүнтэй ашиглах ямар бодлого баримтлах, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, халамжийг багасгахад төсвийн бодлогыг яаж чиглүүлэх талаар тодруулж, хэзээ ч хурал болдоггүй, ашигладаггүй багийн төвийг олноор барих шаардлага байна уу гэдэгт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Дээрх асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өгөв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж нар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зардлыг бууруулахтай холбогдуулж хэлэхдээ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд улсаас татаас өгдгийг болиулах, улсын төсвийг улстөрчид нэр нөлөөгөө өсгөх бодлого болгож ашиглахыг хориглох хэрэгтэй гээд Аудитын байгууллага эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагаас бусад байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танах дүгнэлт гаргасан, үүнийг хэрэгжүүлэх, мөн цар тахлын үед ямар ч үр дүнгүй царцааж болох 149 төсөл арга хэмжээг царцаах, ингэснээр 405 тэрбум төгрөг төсвөөс суллах боломж байна хэмээн санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийнхүү явуулж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэснээр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.