Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээлэл өгсөн юм.
/ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн/
Тэрбээр хэлэхдээ “УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, үүний дагуу ЭМД-ын сангаас олгох эмийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эмч нар бичих мөн бүх эмийн сангаар эмийн хөнгөлөлтийг олгохоор шийдвэр гарсан. Энэ ажлын хэрэгжилт нь 11-р сарын 2-ны даваа гарагаас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон.
ЭМД-ын Үндэсний зөвлөлийн тогтоолоор 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэ удаагийн жагсаалт өмнөх жагсаалтыг бодвол хэд хэдэн онцлогтой.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчлөлд суурилан эмийн жагсаалтыг сонгосон. хөнгөлөлттэй эм нь амбулатори эмч хянах боломжтой нэн шаардлагатай эмчилгээний эмийг сонгож оруулсанаара онцлогтой. Бид 111 өвчнийг сонгож авсан. Үүнээс олон улсад хэрэглэж байгаа эмүүдийг сонгосон.
Үүнд: Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломжийг бүрдүүллээ. Үнийг нь тогтоохдоо Ебаримт бүртгэлийг системийн 2019-2020 өгөгдөл дээр суурилан тухайн эмийн зах зээл дээрх нэгжийн үнээр тодорхойлсон. Бүх шатлалын эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичнэ.
Өмнө нь лавлагаа шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эм бичдэггүй учир иргэд эмчийн жорыг өрхийн эмчээр дахин хуулуулж, хямд үнээр эм авдаг хүндрэлтэй байсан. Өнөөдөр 650 гаруй эмч энэ жор бичих эрхтэй боллоо.
Эмч нар цахимаар эмийн жор бичнэ. Цахим жор нь долоо хоногийн хүчинтэй. И-баримт олгодог, интернэтэд холбогдсон бүх эмийн сан 11-р сарын 2-ноос хөнгөлөлттэй эмээр үйлчилнэ. Эмч жор бичсэн бол сарын аль ч үед эмийн санд очиж хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой гэлээ.
Л.Баяр