Францын Ницца хотын төвд 10 дугаар сарын 29-ний пүрэв гаригт хутгаар зэвсэглэсэн Исламын радикал үзэлт гэмт этгээд гурван хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан байна.
Гэмт этгээдийн амь насыг нь хохироосон гурван хохирогч нь 44-60 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байв. Гэмт этгээд 60 настай эмэгтэйн толгойг тасдаж, 55 настай эрэгтэйн хоолойг нь хэрчиж, 44 настай эмэгтэйг хутгалан хөнөөжээ. Хэргийн дараа цагдаа нар удалгүй ирж хэрэгтнийг газар дээр нь шархдуулж, баривчилсан байна. Тэр үеэр цагдаа нар гэмт этгээдээс Коран судар, гар утас болон халдлага үйлдсэн 30 см урт, 17 см иртэй хутга илрүүлсэн байна.
Францын Терроризмтой тэмцэх албаны дарга Жан Франсуа Рикардын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь 1999 онд төрсөн, Тунис гаралтай цагаач иргэн бөгөөд есдүгээр сарын 20-ны өдөр Африкаас ирэх цагаачдын хамт Европ тивд ирсэн байна.
Францын Ерөнхийлөгч Макрон дахин халдлага гарч болзошгүй учир сургууль болон сүмүүдийг хамгаалуулахаар 7000 орчим цэргийг байрлуулаад байгаа аж.
Энэ сарын 16-ны өдөр Францын нийслэл Парис хотын ойролцоох Конфланс Сейнт-Хонорин хотод Оросын Чечень гаралтай, 18 настай мөн Исламын радикал үзэлт этгээд дунд сургуулийн багш Самуэл Пэтиг хөнөөж, толгойг нь тасалсан аймшигт хэрэг гарсан. Тодруулбал дунд сургуулийн зургийн багш хичээлдээ исламын шашны зөнч Мухаммедыг шоглож зурсан “Charlie Hebdo” сэтгүүл ашигласан ба багшийн толгойг тасадсан хэрэг гарсан юм. Уг хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон харамсалтайгаар амиа алдсан багшид төрийн дээд шагналыг нөхөн олгох шийдвэр гаргаж, исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн 2015 оны нэгдүгээр сард Францын хамгийн алдартай шог сэтгүүл болох Шарли Эбодогийн редакцад зэвсэгт этгээдүүд дайран орж, 12 хүний амь насанд хүсэн юм.
Мөн оны 11 сард халдлага гарч дор 160 гаруй хүний аминд хүрсэн байдаг юм. Түүнчлэн 2016 оны Бастилийн өдөр буюу Францын үндэсний баярын өдөр Ницца хотноо баярын жагсаал руу халдлага үйлдэж 86 хүнийг ачааны автомашинаар мөргөж алсан аймшигтай явдлууд гарч байсан юм.
Л.Баяр