Засгийн газрын тогтоолын дагуу Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн  музейд хадгалагдаж байсан алдарт уран бүтээлч Марзан Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийг  өнгөрсөн сарын 23-нд Монголоос авч явсан байна. Мөн түүний “Өвлийн ордон” бүтээлийг Богд хааны ордон музейгээс авч хил давуулсан аж.

Ард түмний хосгүй үнэт өв соёл, урлагийн түүхэн өмч болсон эдгээр бүтээл өдгөө Герман улсад хадгалагдаж байгаа юм байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс хэлэхдээ тус улсын Касселд болж буй алдарт Документа үзэсгэлэнд гурван сарын турш гадныхны нүдийг хужирлаж Монголын өв соёлыг таниулах зорилгоор түр хугацаанд дэлгэхээр  хадгалж байгаа гэнэ.

Үзэсгэлэн нэрийн дор хадгалж буй дээрх бүтээлүүдийн талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буйгаа олон нийтийн цахим сүлжээнд илэрхийлэх болжээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хосгүй үнэт” бүтээлийн зэрэглэлд орсон “Монголын нэг өдөр” бүтээлийн эх хувийг үзэх боломж иргэдэд олддоггүй гэхэд хилсдэхгүй. Хуулбарыг нь музейн үзмэрт тавьдаг бөгөөд эх хувийг нь хааяа нэг салхи оруулж фондоос гаргадаг аж.

Марзан Шарав гуай эл бүтээлээ Богд хааны зарлигийн дагуу 1911-1912 онд туурвихдаа нэг өдрийн биш нэг насны амьдралыг өгүүлж нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц содон дүр дүрслэлээр дамжуулан илэрхийлсэнээрээ онцлог гэж судлаачид үздэг юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн